Apr 6, 2020 / Мэдээ мэдээлэл
Ард түмнээ хүнсээр хангах ариун үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна
Бүх иргэд хөл хорионд орж, онцгой дэглэмд шилжсэн цар тахлын энэ цаг үед “Өгөөж-Чихэр боов” компани хүнсний аюулгүй байдал болон бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, хомсдол үүсгэхгүйгээр ажлаа хэвийн үргэлжлүүлэхэд анхаарч, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, ажилтнуудыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, компанийн хэмжээнд эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэхээр холбогдох бүх шатны арга хэмжээг авч ажиллаж байна. Ажилтан бүр өөрийн болон хамтран ажиллаж буй 400 гаруй ажилтан, албан хаагчдын гэр бүл, цаашилбал Өгөөжийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хэрэглэгч бүрийн гэр бүлийг хамгаалах давхар давхар үүрэг хариуцлага оногдож буйг хором бүр ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, хүн ардыг эрүүл, аюулгүй хүнсээр тасралтгүй хангах ариун үүргээ нэр төртэйгээр биелүүлж байна. Бид Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагын зөвлөмжийн дагуу ажилтнуудыг ажилдаа ирэхэд нь халууныг нь хэмжиж, 3 дамжлагаар ариутгах тусгай хаалгаар нэвтрүүлж байгаа бөгөөд хамгийн их үйлчлүүлэгчтэй байдаг үйлдвэрийн дэргэдэх нэрийн барааны дэлгүүрт бас уг хаалгыг байршуулан халдваргүйжүүлэлт хийж байна. Мөн хэрэглэгч, харилцагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс гадуур ажилтай борлуулалтын ажилтнууд иж бүрэн хамгаалалтын хувцас, хэрэглэлтэйгээр бүтээгдэхүүнээ хүргэн ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Бөөгнөрөл үүсгэхгүй ажиллах мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу боломжтой ажилтнуудын ажлын цагийг багасган ажиллуулж, хурал цуглааныг онлайнаар зохион байгуулж байна. Мөн агаар сэлгэлтийг тогтмол хийж, шим тэжээлтэй хоол, аарц, жимсний шүүс зэргээр ажилтнуудынхаа дархлааг дэмжин ажиллаж байна. Компани даяар мэргэжлийн байгууллагаар тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэж, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, шат, хаалганы бариулыг давтамжтайгаагаар байнга ариутгаж байна. Мөн түгээлтийн автомашиныг компани руу орж, гарах бүрт нь ариутган халдваргүйжүүлж байна.