“ХЭВИЙН БООВ” ҮҮСЧ БИЙ БОЛСОН ТҮҮХ УЛАМЖЛАЛТ ЁС ЗАНШЛААС

Хэвийн боовны хэв загварыг анх 19-р зууны үед Өндөр гэгээн Занабазар сүсэг бишрэл, бэлгэ дэмбэрэл, хүндэтгэл дээдлэхүйн гүн гүнзгий утга санааг шингээн бүтээсэн гэдэг. Энэ ч утгаараа сүүлийн 300 гаруй жил Монголчуудын уламжлалт хүнсэнд хэвийн боов чухал байр суурь эзэлж ирсэн бөгөөд хэвийн боовыг хийх өвөрмөц технологийг бий болгосон байна. Хэвийн боовыг хэрэглэж байгаа хүний үндэс угсаа, эрх ямба, мөн зориулалтаас шалтгаалан харилцан адилгүй хэлбэр, хэмжээтэй хийдэг байжээ. Хэвийн боов нь гадуураа дугариг байгаа нь ямар нэгэн туйлшрал үгүй, төгсөшгүй үргэлжлэх утгыг, голдоо дугуй мөхлөг уужим байгаа нь элбэг баян, эд агуурстай байхыг бэлгэддэг бөгөөд олон янзын хээ хуар нь тухайн аймаг, хошууны уран сийлбэрчдийн онцлог, ур ухааныг илтгэдэг байжээ. Монгол түмэн уламжлалт “Цагаан сар”-ын баяраараа хэвийн боовоор зассан тавгийн идээг гол хүндэтгэлийн идээ хэмээн тооцдог ба түүний өнгө сайхан байвал шинэ гарч буй жилдээ тухайн айл өрхийн ажил үйлс өөдрөг, идээ будаа элбэг дэлбэг байна хэмээн билэгшээдэг заншилтай. Мөн айл гэрт хэвийн боовоор тавгийн идээ засах нь даллагын савыг баярлуулдаг ч гэлцдэг. Иймээс тавгийн идээгээ зөв буюу төв, тэгш элдэв дэгэн догонгүй, эмх цэгцтэй, битүү, харахад нүдэнд зохимжтой засахыг хэн хүнгүй чухалчилдаг. Засаж байгаа тавгаасаа шалтгаалан тавгийн идээний нэг үеийг 2-7 ширхэг боовоор засах ба 3,5,7,9 гэх мэтээр сондгой үеэр давхарлан өрдөг. Үе тус бүрийг хүний амьдралын 10 насыг илэрхийлдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл тухайн өрхийн хамгийн ахмад хүн өндөр настай байх тусам тавгийн идээ нь илүү олон үетэй байдаг ажээ. Тавгийн идээтэй холбоотой бас нэгэн ёс нь сар шинэ хуучраагүй байхад түүнээс хамаагүй авч идэхийг хорьдог байсан явдал бөгөөд сар хуучирсны хойно буюу жирийн үед хэвийн боовоор дайлуулсан хүн маш их баярлан билэгшээдэг байжээ.